Оффисын хамгийн дуртай хэсэг юу вэ?

Оффисын хамгийн дуртай хэсэг юу вэ?

ТүгээхShare共有する공유하기

Ажилчдын ажиллах орчин тэдний сэтгэл зүй хийгээд үр бүтээмжтэй байдалд онцгой үр нөлөө үзүүлдэг болохыг нотолсон судалгаа их байдаг. Тийм ч учир ажлын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ажилчдын санал бодлыг оролцуулан, шинэчилсэн CRM-ийн оффисын талаар энэ удаагийн ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Манай байгууллагын эрч хүчтэй, бүтээлч залуусын төлөөллөөс тэдний хувьд ажиллах орчны хамгийн дуртай хэсгийн талаар асуулаа.  

Б.Дамдинсүрэн

Маркетингийн менежер

Та оффисийн аль хэсэгт хамгийн дуртай вэ? Яагаад?

Миний хамгийн дуртай хэсэг бол ажлын ширээ болон тоглоомын өрөө.
Ажлын ширээ маань маш тухтай, зай талбай сайтай болохоор төвлөрч суухад их амар байдаг. Орчин нь цэгцтэй, тайван болохоор ажлаа илүү бүтээмжтэй хийх боломж бүрддэг дээ. Харин завсарлага авах үедээ тоглоомын өрөөнд орж бага зэрэг алжаалаа тайлах нь их гоё санагддаг. Ажлаа хийж байхдаа ч, стрессээ тайлж байхдаа ч аль аль орчин нь надад тохирсон санагддаг.

Таны ажиллах орчин таны бүтээмжтэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Шинэ оффисын орчин миний ажиллах байдалд эерэгээр нөлөөлсөн.
Ялангуяа гаднах орчны чимээ багассан нь төвлөрөлд их тус болж байгаа. Мөн хамт олны уур амьсгал халуун дулаан, нээлттэй санагддаг. 

Одоогийн ажиллах орчин тань таны өмнө ажиллаж байсан газраас ямар ялгаатай вэ?          

Манай оффисын хамгийн онцлог зүйл бол тухтай, дулаан уур амьсгал.
Зөвхөн ажил хийх зориулалттай биш, амрах, тоглох, кофе ууж ярилцах тусгай хэсгүүдтэй нь их таалагддаг. Энэ нь ажлын байрыг илүү амьд, эрч хүчтэй болгодог. Өдөржин суухад ядраах биш, харин ч илүү урам зориг өгдөг орчин гэж хэлмээр байна.

Э.Цэндсүрэн

Нягтлан бодогч

Та оффисийн аль хэсэгт хамгийн дуртай вэ? Яагаад?

Оффисоос хамгийн дуртай хэсэг гэвэл амралтын өрөө.
Цайны цагаараа тэндээ жаахан унтаж амраад авах үнэхээр сайхан байдаг. Заримдаа ядарсан үедээ массажны сандал дээр сууж биеийн чилээгээ гаргахад их амардаг. Өдөржин компьютерийн ард суусны дараа тийм боломж байна гэдэг их том давуу тал гэж боддог. Мөн фитнесийн хэсгийг их гоё шийдсэн нь таалагддаг. Одоохондоо хараад л өнгөрч байгаа ч цаашдаа тогтмол дасгал хийж эхэлнэ ээ гэж өөртөө амлачихсан байгаа.

Таны ажиллах орчин таны бүтээмжтэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Миний бодлоор ажлын орчин таатай байх нь бүтээмжид шууд нөлөөлдөг.
Тухтай, цэвэрхэн, зохион байгуулалттай орчинд ажиллахад илүү төвлөрч чаддаг. Үүнээс гадна ажилчдын хоорондын харилцаа, хандлагад ч эерэгээр нөлөөлж байгаа нь мэдрэгддэг. Орчин сайхан байхаар хүмүүсийн уур амьсгал хүртэл илүү өөдрөг болдог юм шиг санагдсан.

Одоогийн ажиллах орчин тань таны өмнө ажиллаж байсан газраас ямар ялгаатай вэ?

Өмнө нь ажиллаж байсан оффисуудаас ялгаатай зүйлс олон байна.
Юуны өмнө ажлын хэсгүүд маань тусгаарлагдсан учраас илүү төвлөрч, тайван ажиллах боломжтой. Мөн лоунж, кофены булан, тоглоомын өрөө, амралтын өрөө, утасны өрөө гээд ажилчдын тав тухыг бодож шийдсэн хэсгүүдтэй нь их онцлог. Ийм хэмжээний анхаарал хандуулсан оффис ховор санагддаг. Зөвхөн ажил хийх биш, ажилчдаа бодсон орчин бүрдүүлсэн нь мэдрэгддэг.

Б.Эрдэнэбат

Агуулахын туслах

Та оффисийн аль хэсэгт хамгийн дуртай вэ? Яагаад?

Миний хамгийн дуртай хэсэг бол тоглоомын өрөө болон лоунж.
Цайны цагаараа тоглоомын өрөөнд орж бага зэрэг алжаалаа тайлах нь надад их таалагддаг. Заримдаа хамт олонтойгоо хамт тоглож, инээлдэж өнгөрүүлэх тэр мөчүүд ажлын стрессийг мартагдуулдаг. Харин лоунж хэсэг бол илүү тайван, тухтай орчинтой. Тэнд сууж кофе уунгаа ярилцах, эсвэл ганцаараа бодлоо төвлөрүүлэх боломжтой байдаг нь гоё санагддаг.

Таны ажиллах орчин таны бүтээмжтэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Надад хамгийн их таалагддаг зүйл бол ажилчдын уур амьсгал.
Шинэ орчин бүрдсэнээс хойш хүмүүс илүү нээлттэй, эерэг болсон юм шиг санагдсан. Бүгд бие биедээ илүү ойр, илүү хамтач уур амьсгалтай болсон нь өдөр бүр ажилдаа ирэх урам зориг өгдөг.

Одоогийн ажиллах орчин тань таны өмнө ажиллаж байсан газраас ямар ялгаатай вэ?

Ер нь бол манай компани ажиллахад үнэхээр тухтай орчин бүрдүүлж өгсөн гэж боддог
Зөвхөн ажлын ширээ сандал гэлтгүй, амрах, ярилцах, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг хүртэл бодолцсон нь мэдрэгддэг. Ийм орчинд ажиллахад стресс багатай, илүү бүтээмжтэй байх боломжтой гэж би хувьдаа мэдэрсэн.